“Алтай” хотхон дахь 141 дүгээр сургуульд 4500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байна


9-р сарын 26
9 цаг 49 минут

Иргэдийнхээ тэвчээрийг шалгаж, асуудлаар бөмбөгддөг хот маань ирээдүй хойчийнхоо тэвчээрийг ч бас олон янзаар сориод эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдах гэж сугалаанд оролцоно. Сургуульд суралцах гэж  өглөө, өдөр, орой гурван ээлжээр хичээллэнэ. Гэлээ гээд төр засгийнхаа шийдвэрийг дагаж, мөрдөхөөс өөр аргагүй нийгэмд бид амьдарч байна. 21 дүгээр зууны ерөнхий боловсролын сургууль ачааллаа дийлэхгүй, гурван ээлжээр хичээллэж, сурагчид шөнийн 19:00-21:00 цагт тардаг асуудал одоо ч байна.

 Зай завсаргүй эгнэн сүндэрлэх 10-12 давхар орон сууцны хорооллуудын дунд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулиас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу бидний ярьж хэвшсэн “Алтай хотхон” 20 мянган оршин суугчтай. Тус хороололд 141 дүгээр сургуулиас өөр ерөнхий боловсролын улсын сургууль байдаггүй. Сургуулийн хүртээмжийг сайжруулах үүднээс 800 гаруй хүүхдийн суудалтай түрээсийн бага сургуулийг нээсэн хэдий ч  ачаалал буураагүй. Гурван ээлжээр хичээллэж байна.

      Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль орж, гарах дөрвөн хаалгатай юм байна. Төв хаалганы үүдэнд жижүүр сурагч гэсэн бичигтэй улбар шар өнгийн үнэмлэх зүүсэн сурагчид угтагчаар зогсон, сургуулиар орж, гарч буй эцэг эх, сурагчдыг зохицуулна. Харин жижүүр багш сургуулийн коридороор гүйлдэх сурагчдад болгоомжтой явахыг сануулж, зарим сурагчийг ангид нь хүргэж, сургуулийн давхар бүрээр завгүй гэгч нь холхино. Энэ бол нийслэлийн 141 дүгээр сургуулийн бодит дүр зураг. 960 хүүхдийн зориулалтаар баригдсан сургуульд 4500 гаруй хүүхэд нэг дор хичээллэж байна гэхэд хөл хөдөлгөөн харьцангуй бага санагдав.

         Боловсролын яамны сайдын батлагдсан хөтөлбөрөөр нэгдүгээр анги болон хоёрдугаар ангийн сурагчдын хичээл 35 минутаар ордог юм байна. Тиймээс тус сургууль нэгдүгээр анги болон хоёрдугаар ангийг I, II ээлжид хичээллүүлж, III ээлжид гуравдугаар ангиудаа хичээллэхээр төлөвлөжээ.

          Энэ талаар бид ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн захирал Т.Баасансүрэнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр, “2024-2025 оны хичээлийн жилд манай сургуульд 4510 сурагч суралцаж байна. Үүнээс бага сургуулийн 560 сурагч “Коёо таун” түрээсийн байранд суралцаж байгаа. Гэсэн хэдий ч сургуулийн анги танхимын хүрэлцээ хомс байгаа учир гурван ээлжээр хичээллэж байна. Дунд болон ахлах ангиудыг III ээлжээр хичээллүүлэхэд асуудал их байсан. Тус ангиудын судлах судлагдахууны тоо хэмжээ их бөгөөд бүх хичээл 40 минутаар хичээллэдэг. Тиймээс бид сургуулийнхаа хэмжээнд зохих ёсны шийдвэр гарган, гуравдугаар ангийн 11 бүлгийн 400 гаруй сурагчийг 15:30 цагаас 18:45 цагийн хооронд хичээллэхээр зохион байгуулаад ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрт долоо хоногт хоёр цаг ордог Технологи болон Хүн орчин хичээлийн агуулгыг багцлаад долоо хоногт нэг цаг орох хэлбэрээр зохицуулалт хийсэн. Ингэснээр гуравдугаар ангийн сурагчид долоо хоногийн дөрвөн өдөр дөрвөн цаг, нэг өдөр таван цагаар хичээллэж байна. Мөн бага ангийн багш нарын хувьд зөвхөн өөрийнхөө ангид л хичээл ордог. Ахлах, дунд ангиудад хичээл заадаг багш нарын хувьд хичээл ордог анги нэгээр тогтдоггүй. Тиймээс III ээлжээр хичээллэж байгаа гуравдугаар ангийн багш нар 15:00 цагаас ажилдаа ирээд 19:00 цагт тарах боломжтой. Манай хамт олны зүгээс сургуулийн орчинд анги танхимын хүрэлцээгээ зохицуулж болох хамгийн тохиромжтой хувилбар энэ байна” гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгаа дээрх асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатараас тодруулахад “Одоогийн байдлаар улсын хэмжээнд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тухайн бүсэд түрээсийн байрын олдоц хомс байгаа тул анги танхимын хүрэлцээ дутмаг сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Энэ оны аравдугаар сарын 15  гэхэд тус сургуулиудыг түрээсийн байраар хангаж ажиллана” гэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль сурагчдынхаа нас бие сэтгэхүйн онцлогт тохируулж, ариун цэврийн өрөө, ширээ сандлын стандарт хүртээмжийг бодолцож, ахлах ангийг, ахлах ангитай, дунд ангийг, дунд ангитай ээлжилж орохоор шийдсэн байна. Тиймээс  ахлах болон дунд ангиуд өглөөгүүр хичээллэдэг гэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сурагчид оройтож тардаг бөгөөд үүнийг дагаад сургуулийн автобусны хүрэлцээ, хүүхдийн эрх зэрэг асуудлууд хөндөгддөг. 141 дүгээр сургуулийн хувьд орон сууцны хороолол дунд байрладаг учир сургуулийн автобусгүй байна.

     “Хичээл эхлэхээс өмнө энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх болсноо эцэх эхчүүддээ урьдчлаад мэдэгдсэн учир ямар нэгэн асуудал гомдол одоохондоо байхгүй байна. Өвөл эрт тарах шаардлагатай холоос ирдэг хүүхдүүдийн хувьд сургуулийн захиргаанаас цагийн зохицуулалтыг уян хатан байдлаар шийдэж өгсөн. Хүүхдүүдийн онцлогоос хамаараад хичээлд оролцох идэвх өөр, өөр байдаг. Зарим хүүхэд өглөөгүүр хичээл хийвэл илүү ойлгодог бол зарим нь үдээс хойш хичээлдээ идэвхтэй оролцдог. III ээлжээр хичээллэхэд эхний хоёр долоо хоног хүүхдүүд ядарчихсан хичээлдээ ирсэн. Тиймээс бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ эрт унтуулж, амраах, даалгаврыг нь тохиромжтой цаг үед нь хийлгэх талаас зохих зөвлөгөөг өгсөн. Одоогоор хүүхдүүд маань хичээлийн хуваарьтаа харьцангуй дасаад эхэлж байна” гэж тус сургуулийн гуравдугаар ангийн багш хэлэв.

141 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Төртогтох “Хичээл эрт орж, эрт тарвал амрах цаг их гарна. Даана ч манай анги энэ жил орой орж байгаа. Оройтож тарж байгаад нэг л дасаж өгөхгүй байна. Өнгөрсөн жил хичээл 13:30 цагаас ордог байсан. Тэр үед амар байсан” гэв.

                 “Хичээл өдөр орох нь өглөө орохоос илүү гоё байдаг. Ядаж л эрт босохгүй  шүү дээ. Гэрийн даалгавраа өглөө хийгээд, өдөр хичээл орохоос өмнө тоглож амждаг”  хэмээн Г.Түмэнжаргалан охин саналаа хэлэв.  Тэр 141 дүгээр сургуулийн гуравдугаар ангид суралцдаг.

   Нэг анги тараад, дараагийн анги хичээлдээ орох 10-15 минутын хугацаанд ангиудын цонх болон хаалгыг нээж нэвт салхилуулж, хөнгөн цэвэрлэгээ хийн, агаарын солилцоо явуулдаг байна. Тус сургуульд бага ангийн 56 бүлгийн 2056 хүүхэд суралцдаг. Анги танхимын хүрэлцээ хомс энэ тохиолдолд сурагчдыгаа төрөл бүрийн дугуйлан, сургалтад хамруулахад асуудал үүсдэг байна.

141 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл Цэцэгмаа “Гурван ээлжээр битгий хэл хоёр ээлжээр хичээллэхэд хэцүү. Хүүхдүүдийн амарч байх цагаар хичээл орох нь маш буруу. Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ нааш цааш зөөхөөс эхлээд төвөгтэй байна. Нэг хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, нөгөө хүүхдээ авахад хичээлийг нь давтуулах цаг гардаггүй. Оройтож тарсан хүүхэд 20-30 минут гэрийн даалгавраа хийгээд ядарч байна. Анги танхимын хүрэлцээгээ нэмж, ядаж  хоёр ээлжээр хичээллэх хэрэгтэй байна” гэв.

“Түрээсийн байр олж таван ангийн асуудлыг шийдлээ гэхэд дор хаяж 10 бүлгийг хоёр ээлжээр хичээллүүлэх хэрэгтэй болно. Тиймээс аль ангийг хааш зөөх вэ гэдэг асуудалтай. Манай сургуулийн түвшинд тус шийдэл хэрэгжихэд хэцүү. Хамгийн тохиромжтой хувилбар бол өргөтгөл барьж, шинэ сургуультай болох” гэж тус сургуулийн захирал Т.Баасансүрэн хэлэв.

“Гурван ээлжээр хичээллэх нь байж болохгүй асуудал” хэмээн  Боловсролын яамны сайд халаглан хэлж байсан. Бид сургуулиудын багтаамжийн асуудлыг шийдэхийн тулд ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 960 хүүхдийн багтаамжтай 20 сургууль ашиглалтад оруулах хэрэгтэй болно. 141 дүгээр сургуулийн жишээнээс харахад тус сургуулийн  харьяа “Коёо таун” бага сургуулийн 1328 ам метр  талбайг сарын 55 саяар түрээсэлдэг. Энэ мэтчилэн хэчнээн түрээсийн байранд өндөр үнээр мөнгө төлж, өнөө маргаашаа аргацаахаа хэзээ болих вэ...

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com