Нэр дэвшилтээс хүмүүс нь “жийгдэх“ магадлалтай тул Х.Баттулга дараагийн улс төрөө ПАРЛАМЕНТ дотроос хийхээр бэлтгэж байна


5-р сарын 20
12 цаг 33 минут

УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгууд багтаж буй хойд бүсээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ намдаа өгчээ. Ингэснээр өнөөдөр хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдаанаар тодрох улстөрчдийн нэрс дунд түүний нэр багтах магадлалтай байна. Дөрөвхөн сарын өмнө "Би сонгуульд нэр дэвшихгүй" хэмээн мэдэгдэж явсан тэрбээр яагаад гэнэтхэн нэр дэвших шийдвэрийг гаргав гэдэг нь олон нийт төдийгүй улс төрийн хүрээнийхэн дунд анхаарал татаж буй асуулт болоод буй юм. Харин түүний эл шийдвэрийн цаана үндсэн хоёр агуулга яригдаж байна.

Нэгдүгээрт, 126 УИХ-ын гишүүнээс бүрдэх энэ удаагийн парламентад хөл тавих түүний эхний зорилго нь улс төрийн хамгаалалт авах явдал. Нүүрс, төмөр зам, Хөгжлийн банк зэрэг шил шилээ дарсан олон хэргүүд нь түүнийг дараагийн дөрвөн жилд хөлдөө чирч мэднэ. Иймээс тэрбээр эл асуудлууд дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь тус болно хэмээн бодож дараагийн хамгаалалтаа хайж эхэлсэн нь энэ бололтой.

Хоёрдугаарт, сонгуулийн нэр дэвшилт яригдаж эхэлсэн үеэс МоАХ-ноос Х.Баттулгын квотоор нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй хүмүүсийн нэрс сонсогдох болсон. Гэвч тэдгээр нөхдийг нь АН дотооддоо хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас нэр дэвшилтээс "жийгдэх" хандлагатай байна. Иймд нөхцөл байдал эвгүйтвэл түүний зүтгүүлэхээр тооцоолж байсан хүмүүст нэр дэвших боломжгүй болох эрсдэл ч бий болохыг тооцоолж Х.Баттулга дараагийн төлөвлөгөөндөө шилжиж байна. Өөрөөр хэлбэл, түүний төлөвлөгөө нь УИХ-д өөрөө нэр дэвшиж, дараагийн улс төрөө парламентын танхимаас хийх явдал юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com