ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 36.916 ХҮНИЙ АМЬ НАС, 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА


5-р сарын 20
12 цаг 24 минут

Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон үе, үеийн сайд, дарга нар, Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан ахмадууд, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно.
“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ юм” гэлээ.
Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Онцгой байдлын албаны үе үеийн эр зоригтнууд бол Өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цас бороо, гал түймэр, үер ус, өвчин тахлыг сөрж, бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө золин тэмцсээр ирсэн та бүхэндээ түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулж 2024 онд 32,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын багцад тусгуулан шийдвэрлүүллээ. Мөн 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гамшгийн зарлан мэдээлэх системийг шинэчлэн сайжруулсан нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, гамшгийн хор хөнөөлийг бууруулахад томоохон алхам болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мөн алба хаагчдын цалин хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар, түүний дотор ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлс дунджаар 63 хувиар нэмэгдлээ.
Ийнхүү та бид хамтран, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, хэлэхийг бус хийхийг, амлахыг бус авран хамгаалахыг, сэрээн сэрэмжлүүлэхийг зорьж ажилласан сайхан түүхтэйгээр хорин жилийн ойгоо угтлаа.
Ирж буй он жилүүдийг ч бас баатарлагийн түүх, бахархлын замнал болгон бүтээж чадна. Эх орон, ард түмнийхээ халуун итгэл, хайр хүндэтгэлийн эзэд болсон Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж, сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь мандан бадрах болтугай” гэсэн юм.
Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com